Хаягдал усыг дахин боловсруулах төслийн явцтай танилцлаа.

Монголын мянганы сорилын сан, Монгол улсын Засгийн газар хоорондын Усны салбарт хэрэгжүүлэх компакт гэрээний дагуу хийгдэж байгаа “Хаягдал усыг дахин боловсруулах төсөл”-ийн үйл ажиллагааны хэрэгжилтийн явцыг танилцуулах хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад Монголын мянганы сорилын сангийн төлөөлөгчид, төслийн зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан ажиллаж байгаа ХБНГУ-ын Фихтнер Ватэр энд Транспортейшн компани, Монгол талын зөвлөх үйлчилгээний “Икон консалтинг” ХХК-ны зөвлөхүүд оролцов.

 Төслийн хүрээнд шинэ төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдэн гарах хаягдал усыг дахин боловсруулж, Дулааны ТЭЦ-3, ТЭЦ-4 цахилгаан станцын техникийн усны зориулалтаар эргүүлэн ашиглах зорилгоор жилдээ 18,0 сая м3 хүртэл хэмжээний гүний усыг дахин боловсруулсан усаар орлуулан ашиглах боломж бүрдэнэ.

Цэвэршүүлэх үйлдвэрээс хоногт 50000 м3 ус тоноглолын хөргөлт, угаалга цэвэрлэгээ ,үнс зайлуулах зэрэгт ашиглана.

Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг шинээр баригдах ус дамжуулах хоолой, холбогдох дэд бүтцийн хамт барьж байгуулахаас гадна, ДЦС-уудын үйл ажиллагаанд дахин боловсруулсан усыг ашиглахад шаардлагатай технологийг нэвтрүүлэх ажлыг гүйцэтгэх юм.

“Улаанбаатар хотыг 2020 оны хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ын дагуу 2015 оноос хойш тус төслийн ажил зохион байгуулагдаж байгаа бөгөөд цэвэршүүлсэн усны дамжуулах хоолойн трасс сонголт, дулаан болон цахилгааны эх үүсвэрийн техникийн шийдлийн асуудал, ундны усны хамгаалалтын бүсэд хийгдэх ажлыг хот байгуулалтын нэгдсэн шийдэлтэй уялдуулж хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.