НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ИРЭЭДҮЙН 20 ЖИЛИЙН ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛОХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСӨЛД ИРГЭД, ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВНА.

НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ИРЭЭДҮЙН 20 ЖИЛИЙН ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛОХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСӨЛД ИРГЭД, ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВНА.

Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд ЗХУ-ын мэргэжилтнүүд хийж гүйцэтгэсэн бөгөөд үүнээс хойш 1961, 1976, 1986, 2002, 2013 онуудад 6 удаагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан.     

Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин орсноос хойш Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Монгол Улсын архитектор, инженерүүд боловсруулж Засгийн газрын 2002 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан. Тус ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад Нийслэлийн хүн ам, эдийн засаг, газрын харилцаанд томоохон өөрчлөлтүүд гарсны улмаас тодотгол хийх шаардлага бий болж  Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг боловсруулж Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлуулж Нийслэлийн хэмжээнд мөрдөн ажиллаж байна.

Дээрх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжих хугацаа албан ёсоор дуусаж байгаатай холбогдуулан Улаанбаатар хот цаашдаа ямар үзэл баримтлалтай хөгжих вэ? гэдгийг иргэд, олон нийт, мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын оролцоонд тулгуурлан тодорхойлох үүднээс Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал концепц боловсруулах нээлттэй уралдааныг зохион байгуулсан. Уралдаанд ирүүлсэн шилдэг, шинэлэг санаануудад үндэслэн үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулж, 2020 онд Монгол Улсын Засгийн газрын хурлаар хэлэлцүүлж дэмжигдсэн.

Тус үзэл баримтлалын дагуу Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2020 оны 10 дугаар сараас эхлэн боловсруулж, мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангах үүднээс мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, шинжлэх ухааны академи, их дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаачдын дунд 2021 оны 2, 3, 9 дүгээр саруудад 1200 гаруй хүнийг хамарсан цахим хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан.

Үүнээс гадна Засгийн газрын яамд, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас санал авч зөвшилцөх үйл ажиллагаа явагдаж байна.

Хот байгуулалтын тухай хууль, “Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх журам”-ын дагуу Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хоорондох сарын хугацаанд иргэд, олон нийтээс санал авах бэлтгэл ажлыг хангаж байна.

Иргэд, олон нийт https://ulaanbaatar2040.mn/ вэб хуудас, Улаанбаатар 2040 Facebook, twitter, Instagram, YouTube зэрэг олон нийтийн цахим сүлжээний хэрэгслүүд болон харьяа хороогоор дамжуулан Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийн талаарх мэдээллийг авч саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна.

Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох хариуцлагатай үйл ажиллагаанд иргэн таны санал, оролцоо нэн чухал юм.

НИЙСЛЭЛ ХОТОО ХАМТДАА ХӨГЖҮҮЛЬЕ

Google+ Linkedin